Холбооны дүрэм

ЖАЙКА-ийн сургалт төгсөгчдийн
холбооны бүх гишүүдийн
2011 оны 03 сарын 15-ны өдрийн
хурлаар хэлэлцэж нэмэлт өөрчлөлт
оруулан батлав.

ЖАЙКА-ИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН
МОНГОЛЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    ЖАЙКА-ийн сургалт төгсөгчдийн Монголын Холбоо (цаашид Холбоо гэнэ) төрийн бус байгууллага нь энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (цаашид ЖАЙКА гэнэ)-ын шугамаар сургалтанд хамрагдсан Монгол мэргэжилтнүүдийг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн,  Монгол улсын зохих хууль дүрмийн дагуу гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага мөн.
1.2.    Оноосон нэр: ЖАЙКА-ийн сургалт төгсөгчдийн Монголын холбоо
1.3.    Байршил: Бодь Цамхаг 7 давхар, Сүхбаатарын талбай 3, Улаанбаатар 211213, Монгол Утас: 325959 факс: 310845 е-майл: jicamg-alumni@jica.go.jp
Интернэт хуудас: www.jaam.mn
1.4.    Холбоо нь Монгол улсын холбогдох хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн болно.
1.5.    Холбоо нь өөрийн тамга, бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
1.6.    Холбоо нь анх 2000 оны 5-р сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан болно.
1.7.    Холбоо нь өөрийн үйл ажиллагаагаа Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулах бөгөөд бизнесийн болон  улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй болно.
1.8.    Холбооны гишүүнчлэл болон үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр байна.

Хоёр. Холбооны зорилго

2.1.    Холбооны зорилго нь ЖАЙКА байгууллагын шугамаар Япон улсад суралцаж, суралцагсдын эзэмшсэн мэдлэг, ур чадварыг Монгол улсын хөгжлийн төлөө зориулах;
2.2.    ЖАЙКА ба Холбооны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.3.    Монгол Японы хоорондын техникийн болон бусад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.4.    Гишүүдийн хоорондын нөхөрсөг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх;
2.5.    Бусад орнуудын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаа бий болгож, хөгжүүлэхэд оршино.

Гурав. Холбооны бүтэц, зохион байгуулалт

3.1.    Холбооны удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна.
3.2.    Холбооны үйл ажиллагааг Тэргүүн удирдан чиглүүлнэ.
3.3.    Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах зөвлөлөөс баталсан чиглэлийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга удирдан явуулна.
3.4.    Холбоо нь хүндэт тэргүүн болон хүндэт гишүүн, дэмжигч гишүүнтэй байж болно.
3.5.    Холбоо нь дэд хороотой байна.
3.6.    Холбоо нь орон тооны зохион байгуулагчтай байна.

Дөрөв. Холбооны гишүүнчлэл

4.1.   ЖАЙКА-ийн сургалтанд оролцсон бүх хүнд холбооны гишүүнчлэл нээлттэй байх бөгөөд энэхүү дүрэмд заасны дагуу батламжлагдсан байна.
4.2.   Хүндэт гишүүн нь Монгол дахь Япон улсын Элчин сайд, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга болон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, танигдсан төр, нийгэм, бизнесийн салбарын төлөөлөл байж болно.
4.3.   Холбооны гишүүнээр элсэхэд 10,000 төгрөгийн элсэлтийн хураамжтай байна.
4.4.   Холбооны гишүүнээр элсэх өргөдлөө тогтоосон маягтын дагуу бөглөж удирдах зөвлөлд албан ёсоор ирүүлснээр холбооны гишүүнээр батлагдах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр гишүүнчлэлээс түдгэлзүүлэхгүй.

Тав. Холбооны удирдлага, хяналтын тогтолцоо

5.1.  Холбооны Бүх гишүүдийн хурал:

5.1.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна.
5.1.2. Холбооны Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
5.1.3. Бүх гишүүдийн хурлын ээлжит бус хуралдааныг бүх гишүүдийн 60% нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хуралдуулах бөгөөд хүсэлтийг Холбооны тэргүүнд гаргана. Тэргүүн уг асуудлыг ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд ээлжит бус Бүх гишүүдийн хурлыг хуралдуулна
5.1.4. Бүх гишүүдийн хурлын зарыг хурал болохоос 14 хоногийн өмнө тараах бөгөөд холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бол зарыг хурал болохоос 30 хоногийн өмнө тараана.
5.1.5. Бүх гишүүдийн хурлын үйл ажиллагааг явуулахын тулд санал өгөх эрхтэй 30-аас доошгүй гишүүний ирц бүрдүүлэх бөгөөд дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бол холбооны гишүүдийн гуравны хоёрын санал авах ирцтэй байна.
5.1.6. Ирц бүрдээгүй хурлын товыг 7-14 хоногийн хугацаагаар  хойшлуулж болох бөгөөд хоёрдахь удаагаа ирц бүрдээгүй тохиолдолд ирцийг бүрдүүлэхэд шаардагдах тооноос хамааралгүйгээр цугласан гишүүдийн гуравны хоёрын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
5.1.7. Холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах, Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайлан хэлэлцэх,  Удирдах зөвлөлийн гишүүд, аудитын гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах, гишүүнээр элсүүлэхээс түдгэлзүүлсэн асуудлыг шийдвэрлэх, гишүүний гомдлыг шийдвэрлэх, Холбоог  өөрчлөн байгуулах, татан буулгах зэрэг нь Бүх гишүүдийн хурлын шийдэх асуудалд багтана.

5.2.  Холбооны Удирдах зөвлөл:

5.2.1. Бүх гишүүдийн хурлын хооронд уг хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл холбоог удирдана.
5.2.2. Удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдхүүнтэй байх бөгөөд Тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга болон 7 гишүүний бүрэлдхүүнтэй байна.
5.2.3. Удирдах зөвлөл нь 3 жилийн хугацаагаар сонгогдоно.
5.2.4. Удирдах зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдах бөгөөд гишүүдийн ердийн олонхийн ирцийг хүчинтэйд тооцно.
5.2.5.    Удирдах зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хурлыг 3-аас дээш удаа тасалсан тохиолдолд зөвлөлөөс хасагдах бөгөөд зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар орон гарсан гишүүнийг нөхөн сонгоно.
5.2.6. Удирдах зөвлөлийн гишүүд нь үүргээ биелүүлэх явцад гарсан зардлын нөхөн төлбөрөөс өөр аливаа шагнал, цалин авахгүй.
5.2.7. Удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1/Холбооны хэтийн болон цаг үеийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2/Жилийн орлого, зарлагын төсөв, санхүүгийн тайланг зөвшөөрч Бүх гишүүдийн хуралд оруулах;
3/Бүх гишүүдийн хуралд оруулах асуудлын жагсаалтыг батлах;
4/Тэргүүн болон Ерөнхий нарийн бичгийн даргыг нууц санал хураалтаар сонгох, чөлөөлөх, тайланг  хэлэлцэх;
5/Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Ерөнхий нарийн бичгийн даргын эрх , хэмжээг  тогтоох;
6/ Холбооны  ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;
7/ Холбоонд гишүүн элсүүлэх, чөлөөлөх;
8/ Хүндэт тэргүүн болон гишүүдийг хүлээн зөвшөөрөх;
9/ Дэд хороодыг зөвшөөрөх;

5.3.   Холбооны тэргүүн:
5.3.1. Тэргүүн нь холбоог гадаад болон дотоодод бүрэн төлөөлнө.
5.3.2.    Тэргүүнийг удирдах зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар 3  жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно.
5.3.3. Тэргүүн нь Бүх гишүүдийн хурлыг тэргүүлэх бөгөөд тэргүүний түр эзгүйд Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг орлоно.

5.4.   Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга:
5.4.1.    Холбооны өдөр тумын ажлын албыг удирдлагаар хангах бөгөөд удирдах зөвлөлөөс даалгасан үүрэгт ажлыг биелүүлнэ.
5.4.2.    Удирдах зөвлөлийн хурлыг удирдан явуулах бөгөөд түүний нэрийн өмнөөс гарын үсэг зурж батламжлана.
5.4.3. Холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг Удирдах зөвлөл, улмаар Бүх гишүүдийн хурлын өмнө хариуцна.
5.4.4. Холбооны санхүүгийн баримтыг зохицуулагчийн хамт баталгаажуулна.
5.4.5.  Санамсаргүй зардлыг төлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

5.5.   Холбооны зохицуулагч:
5.5.1.    Холбооны зохицуулагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилуулах бөгөөд холбооны орон тооны ажилтан байна.
5.5.2. Зохицуулагч нь холбоонд харьяалагдах өмчийг бүрэн бүтэн хадгалж хамгаалж, хөрөнгийн бүртгэл хөтлөнө.
5.5.3.    Удирдах зөвлөлийн Бүх гишүүдийн хурлын хуралдааны протоколыг хөтөлж Ерөнхий нарийн бичгийн даргаар баталгаажуулна.
5.5.4.    Холбооны санхүүгийн тооцоог хууль дүрмийн дагуу хийж, бүртгэл хөтлөнө.
5.5.5.    Холбооны гишүүдийн бүрэн анкетийг хөтлөж, мэдэээлэл тараах, цуглуулах, үйл ажиллагаа явуулахад шаардагдах үндсэн зохион байгуулалтын асуудлыг хариуцна.

5.6.   Холбооны аудит:
5.6.1. Холбооны аудитын зөвлөл нь 3 хүний бүрэлдхүүнтэй байх бөгөөд нэр дэвшүүлж нууц санал хураах замаар Бүх гишүүдийн хурлаас сонгоно.
5.6.2.    Аудит нь удирдах зөвлөлөөс тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулна.
5.6.3.    Холбооны аудит нь холбооны Удирдах зөвлөлийн болон гишүүдийн, санхүүгийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн тооцоо бүртгэл, тогтоол, тушаалын биелэлтэнд хяналт тавьж үр дүнг Бүх гишүүдийн хуралд жилд нэг удаа танилцуулна.

Зургаа. Холбооны гишүүний эрх, үүрэг

6.1.    Гишүүн нь (хүндэт болон дэмжигч гишүүдээс бусад) холбооны Бүх гишүүдийн хуралд оролцох, сонгох, удирдах зөвлөлд сонгогдох эрхтэй.
6.2.    Холбооны үйл ажиллагаа, санхүүгийн байдалтай танилцах эрхтэй.
6.3.    Холбооны үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцох үүрэгтэй.
6.4.    Холбооны дүрмийг чанд биелүүлнэ.
6.5.    Холбоонд гишүүнээр элсэхдээ тухайн үед гүйцэтгэж байгаа ажил үүргийн талаар бүрэн бөгөөд үнэн зөв мэдээлэл бүхий өргөдөл Удирдах зөвлөлд гаргана.

Долоо. Гишүүнчлэл дуусгавар болох

7.1.    Өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарсан.
7.2.    Гишүүн нас барсан буюу эрх зүйн чадамжгүйд тооцогдсон.
7.3.    Холбоо татан буугдсан.
7.4.    Удирдах зөвлөлийн шийдвэрээр гишүүнээс хассан.
7.5.    Холбооны хэвийн ажиллагаанд хохирол учруулахаар үйл ажиллагаа явуулсан.
7.6.    Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Найм. Холбооны санхүүжилт

8.1.   Холбооны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
а. Дэмжигч гишүүдийн татвар (жилд 50.000 төгрөгөөс багагүй)
б. Бусад эх үүсвэр

Ес. Холбоог татан буулгах

9.1.      Холбооны дүрмэнд заагдсан үүргээ бүрэн биелүүлсэн буюу  энэхүү дүрмэнд   заагдсан бусад шалтгаанаар татан буугдаж болно.
9.2.  Холбоог татан буулгах саналыг Бүх гишүүдийн хурлын ээлжит болон ээлжит бус хурал эхлэхээс нэг сарын өмнө бүх гишүүдэд бичгээр  мэдэгдэх ба хуралд оролцогч гишүүдийн  гуравны хоёроос дээш  саналаар  татан буулгана.
9.3.  Холбоог татан  буулгахад холбогдох өр төлбөрийг барагдуулсаны дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрвээ тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
9.4.     Дүрмийн 9.3-т заасан шийдвэрийг Бүх гишүүдийн хурлаас томилогдсон Татан буулгах комисс гаргана.