Холбооны танилцуулга

Япон Улсын манай улсад үзүүлэх тусламжийн цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж Монгол Улсын бүхий л салбарыг хамарч байдаг билээ. Үүний нэг хэлбэр нь Монгол мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны дадлага-техникийн сургалтанд хамруулж байгаа явдал юм.

Эдгээр сургалтуудыг Японы Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хэрэгжүүлдэг бөгөөд 1977 оноос эхлэн Монгол мэргэжилтнүүдийг уг сургалтуудад хамруулж эхэлжээ. Өдгөө төрөл бүрийн салбарын 3000 гаруй хүн Японы Засгийн Газрын тэтгэлэгээр суралцаад байна.

ЖАЙКА-ын шугамаар сургалтанд хамрагдсан төгсөгчид нь Японд сурсан мэдлэг туршлагаа өөрийн орны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор түгээн дэлгэрүүлэх, Япон орны соёл иргэншлийг сурталчлах, Монгол Японы хоорондын техникийн болон бусад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг.

ЖАЙКА-ын хэсэг сургалт төгсөгчид санаа сэтгэл, хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдэж “ЖАЙКА-ын сургалт төгсөгчдийн монголын холбоо” хэмээх төрийн бус, олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулж, энэхүү холбоогоор дамжуулан хоёр талын түншлэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эх орноо хөгжил дэвшилд хүргэх эрхэм үйлст хувь нэмэр оруулахыг зорьсон билээ.

Тус холбоо нь 811 гаруй гишүүд, 2 хүндэт гишүүнтэйгээр Монгол Японы хоорондын хамтын ажиллагааг сурталчлах, төрөл бүрийн салбарт сургалт, семинарыг зохион байгуулах, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа болон соёлын хөтөлбөрүүдийг явуулж байна.