ТӨСӨЛ

ЖАЙКА-ЫН СТХ-НЫ ДЭРГЭДЭХ ДЭД ХОРООНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү дүрмээр ЖАЙКА-ын СТХ-ны дэргэдэх    Дэд хороо /цаашид “Дэд хороо” гэх/-ын ерөнхий бүтэц зохион байгуулалт, эрх үүргийг зохицуулна.

1.2. Дэд хороо нь ЖАЙКА-ын СТХ-ны зорилго, зорилт, дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг түүний идэвхитэй хамтран туслагч нэгж байх бөгөөд Дэд хороог СТХ-ны гишүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан байна.

1.3. Дэд хорооны зорилго

– Дэд хорооны гишүүд хоорондоо хамтран ажиллах нөхцөл бололцоог бий болгон өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцон хамтарч ажиллах, биенээ дэмжих, дэмжүүлэх,

– Өөрийн үйл ажиллагаа болон үйл ажиллагаа эрхэлж байгаа салбараа хөгжүүлэхэд бусадтай хамтран ажиллах, тулгамдаж байгаа саад бэрхшээл, дутагдлыг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх,  аливаа үүсгэл санаачилга, үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, санал, санаачилга гаргах,

– Суралцах явцдаа олж авсан болон түүнээс хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон нийтийн хүртээл болгох буюу бүхий л сонирхогч талуудтай мэдлэг, туршлагаа хуваалцах, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ач холбогдлыг нь сурталчлах,

– СТХолбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, хөгжүүлэх талаар санал санаачилга гаргах ажиллах,

1.3. Дараах салбар буюу чиглэлийн дэд хороо байж болно. Үүнд,

  • Бизнесийн дэд хороо
  • Татварын дэд хороо
  • Эрүүл мэндийн дэд хороо
  • Байгаль орчны дэд хороо
  • Төрийн Албан Хаагчдын дэд хороо
  • Бусад г.м.

1.4. Дэд хороо нь тухайн салбарын хөгжил, олон нийтийн нийтлэг эрх ашгийн үүднээс харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтран ажиллах хэлбэрээр энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

ХОЁР. ДЭД ХОРООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Дэд хороо нь гишүүнчлэлийн хязгааргүй, нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулна.

2.2. Дэд хорооны бүрэлдэхүүнд ЖАЙКА-ын СТХ-ны гишүүд болон бусад холбогдох байгууллагууд сайн дурын үндсэн дээр нэгдэнэ.

2.3. Дэд хорооны зохицуулагчыг дэд хорооны гишүүд 1 жилийн хугацаатайгаар сонгох ба Дэд хорооны зохицуулагч нь бусад гишүүдийгээ мэдээлэл, зохион байгуулалтаар хангана.

2.4. Дэд хороо нь өөрийн санхүүгийн асуудал хариуцсан санхүүчтэй байж болно.

2.5. Дэд хороо нь зохион байгуулсан арга хэмжээнийхээ талаар тайлан гаргана.

2.6. Дэд хорооны зохицуулагчын үйл ажиллагааг ЖАЙКА-ын СТХ-ны зохицуулагч бүрэн дэмжиж туслалцаа үзүүлэн ажиллана.

2.7. Дэд хороо нь шаардлагатай үед уулзалт зохион байгуулах ба Дэд хорооны зохицуулагч уулзалтыг зарлах ба удирдана.

2.8. Дэд хорооны уулзалтаас санал, дүгнэлт, зөвлөмж гаргах ба уулзалтанд оролцогчид шийдвэрийг санал нэгтэй баталсанаар шийдэгдэнэ.

2.9. Дэд хорооны зохицуулагч дэд хорооны гишүүдийн саналыг авсаны үндсэн дээр хэлэлцэх асуудлын жагсаалтыг эцэслэн гаргах ба уг жагсаалтыг уулзалтаас 7 хоногийн өмнө гишүүдэд тараана.

2.10. Дэд хорооны ажлын алба нь ЖАЙКА-ын СТХ-нд байна. Дэд хорооноос зохион байгуулж байгаа ажилтай холбогдон гарах зардлыг төсвийн дагуу батлуулж, Дэд хорооны санхүүжүүлнэ. ЖАЙКА болон ЖАЙКА-ын СТХ-ноос санхүүжилтийн болон зохион байгуулалтын тодорхой туслалцаа үзүүлж болно.

2.11. Дэд хорооны гишүүн зарлагдсан уулзалтанд өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд саналаа бичгээр ирүүлж болно.

2.12. Дэд хороо нь шаардлагатай асуудлуудаар гишүүдийн саналыг харгалзан ажлын хэсэг томилж ажиллуулж болно.

2.13. Дэд хорооны гишүүд нь Дэд хорооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож ажиллана.

ГУРАВ. ДЭД ХОРООНЫ ЭРХ, ҮҮРЭГ

Дэд хороо нь дараахи эрх, үүрэгтэй:

3.1. Өөрийн сонирхож буй болон үйл ажиллагаа эрхэлж буй салбар, түүний хөгжлийн асуудлаар аливаа санал санаачилга гаргах, ажлын төлөвлөгөө гарган ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллагаар дэмжүүлэх.

3.2. Дэд хорооноос гаргаж буй санал, дүгнэлт, зөвлөмжийг ЖАЙКА-ын СТХ-ны Бүх гишүүдийн хурал, УЗ-ийн гишүүдийн хуралд оруулах, ЖАЙКАын СТХ-ны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулах, холбогдох асуудлыг ЖАЙКА-д уламжлан шийдвэрлүүлэх.

3.3. Дэд хорооны гишүүд дангаараа болон ЖАЙКА-ын СТХ-ны гишүүд, бусад байгууллагуудтай хамтран өөрийн салбарын үйл ажиллагаа, түүнчлэн тулгамдаж буй асуудлаар уулзалт, чуулган, сургалт семинар, үзэсгэлэн зохион байгуулах.

3.4. Дэд хорооны болон ЖАЙКА-ын СТХ-ны гишүүдийн хүсэлтийн дагуу Төр, нийгмийн төлөөлөлтэй ажиллах арга барилыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах үйл ажиллагаа явуулах.

3.5. Салбарын хөгжлийн асуудлуудаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаандаа ЖАЙКА болон ЖАЙКА-ын СТХ-ны зүгээс туслалцаа, дэмжлэг авах.

3.6. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах.

3.7. Гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбогдон хамтран ажиллах, гүүр болох, мэдээлэл, туршлага солилцох.

3.8. Салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын дунд мэдлэг, туршлага солилцох, үйл ажиллагаагаа хамтруулах, хоршуулах төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахын дээр, ажиллагсдын дунд тэдний мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэх, хөгжилтэй, урам зоригтой байлгах зорилгоор мэтгэлцээн, соёл, урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байх,

3.9. Дэд хорооны уулзалтыг зохион байгуулахад ЖАЙКА болон ЖАЙКА-ын СТХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэх, байр танхимаар хангах.

ДӨРӨВ. САНХҮҮЖИЛТ

4.1. Дэд хороо нь гишүүд, дэмжигчдийн татвар, хандиваас санхүүжиж болно.

4.2. Татвар болон хандивын хэмжээг гишүүдийн уулзалтын үндсэн дээр тогтоон шийдэж болно.

4.3. Дэд хорооны гишүүд, дэмжигчид Дэд хорооноос зохион байгуулах аливаа арга хэмжээнд хандив өгч болно.

4.4. Бусад хандивын үйл ажиллагаанаас санхүүжиж болно.

ТАВ. БУСАД ЗҮЙЛ

5.1. Энэхүү дүрэм нь 2015 оны … сарын … өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

5.2. Энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба оруулсан нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн уулзалтаар баталснаар дагаж мөрдөнө.