ЖАЙКА-ын сургалт төгсөгчдийн холбооны гишүүн, Монбиофарм ХХК-ийн лабораторийн эрхлэгч Г.Батзул, МХЕГазрын ХАБҮЛЛабораторийн менежер Т.Сайнжаргал, шинжээч Б.Оюунчимэг, КОЙКА-ын сургалт төгсөгчдийн холбооны гишүүн, ХХААХҮЯамны мэргэжилтэн Д.Хишигжаргал нар хамтран 2016 оны 09 сарын 30-ний өдөр “Хүнсний аюулгүй байдал: Үр тариа, малын тэжээл дэхь микотоксины бохирдол, эрсдэлийн судалгаа, микотоксин илрүүлэх шинжилгээний аргууд “ сэдэвт онол, лабораторийн дадлага ажил хосолсон 1 өдрийн сургалтыг ЖАЙКА-ын сургалт төгсөгчдийн холбоо, КОЙКА-ын сургалт төгсөгчдийн холбоо болон Монбиофарм ХХК-ний дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хүнсний аюулгүй байдал чухлаар тавигдаж буй өнөө үед лабораторийн шинжээч, мэргэжилтнүүдэд хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Учир нь Олон Улсын төсөл хөтөлбөр, сургалт семинарт төрийн байгууллагуудын шинжээч, мэргэжилтнүүд түлхүү хамрагддаг бөгөөд Монгол улсын хүнсний салбарыг нуруун үүрч буй хувийн хэвшлийн хүнс, малын тэжээлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн шинжээч мэргэжилтнүүд мэдлэг мэдээлэл, зохион байгуулалт, идэвхи сааначилга, санхүүгийн боломж тааруу зэрэг шалтгаануудаас болоод хамрагдаж чадахгүй байна гэж үзэж байна.

Иймд бид энэхүү семинарын хүрээнд үр тариа, малын тэжээл тарьж ургуулдаг, үйлдвэрлэдэг, түүхий эд болгон ашигладаг хувийн хэвшлийн хүнс, малын тэжээлийн үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн лабораторийн шинжээч, мэргэжилтнүүдийг хамруулахыг зорьсон бөгөөд нийт хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж, компани, төрийн 4 байгууллагын хүнсний аюулгүй байдлын 38 шинжээч, лабораторийн болон чанарын хяналтын мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Сургалтад хамрагдсан шинжээч, мэргэжилтнүүдэд хүнсний аюулгүй байдал, төрөөс баримталж буй бодлого, хөгц мөөгөнцөрийн ангилал, таньж тодорхойлох шинжилгээний сүүлийн үеийн арга аргачилал, микотоксины тухай, тэдгээрийн хүний эрүүл мэндэд учруулах эрсдэлийн тухай, микотоксин илрүүлэх шинжилгээний аргууд, микотоксины эрсдэлийн үнэлгээний ажлын талаархи мэдээлэлийг лекц хэлбэрээр заасан, мөн микотоксин илрүүлэх шинжилгээнд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, оношлуурын талаархи мэдлэг, мэдээлэлийг электрон болон цаасан хэлбэрээр тарааж өгсөн бөгөөд ингэснээр хүнсний аюулгүй байдал болон микотоксины тухай дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэлтэй болсон гэж итгэж байна. Сургалтын өдрийн үдээс хойш Монбиофарм ХХК-ийн дэргэдэх Евростандарт лабораторид Германы R-Biopharm компаны үйлдвэрлэсэн RIDA®SCREEN FAST AFLATOXIN B1 оношлуурыг ашиглан улаан буудайн дээжинд ELISA аргаар Афлатоксин В1 тодорхойлох дадлага ажил-туршилтын шинжилгээг сургалтад оролцогч бүр хийлээ. Ингэснээр микотоксин тодорхойлох шинжилгээний ELISA арга зүйг эзэмшин тодорхой туршлага, мэдлэгтэй болсон гэж үзэж байна.

Сургалтад хамрагдсан шинжээч, мэргэжилтнүүд маань сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ ашиглаад өөрийн аж ахуйн нэгж болон компанидаа микотоксин тодорхойлох шинжилгээний аргыг нэвтрүүлэх, микотоксин илрүүлэх, микотоксины эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдлын асуудал тэр дундаа микотоксиноос шалтгаалсан өвчлөл, эрсдэл бага боловч буурах байх гэж бид найдаж байна.