2015 оны 11 дүгээр сарын 29-нд ЖАЙКА-ын сургалт төгсөгчдийн холбооны гишүүдийн анхдугаар спортын өдөрлөг Этүгэн дээд сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.  Спортын өдөрлөгт холбооны 25 гишүүн оролцож, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлөөр авхаалж самбаагаа сорив. Тус арга хэмжээг Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Дондог нээн үг хэлж, “Ирээдүй” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Мөнх-Оргил ерөнхий шүүгчээр ажиллалаа.  

Сагсан бөмбөг: Сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 3 хүний бүрэлдхүүнтэй 4 холимог баг бүрдэж тоглолоо. Тэргүүн байрыг Ч.Уламбаяр, Баясгалан, О.Будханд нарын бүрэлдэхүүнтэй 1-р баг эзэлж медаль, сагсны бөмбөгөөр шагнуулав.

Ширээний теннис: Ширээний теннисний тэмцээн эрэгтэй эмэгтэй гэж хуваагдан явагдсан ба эрэгтэй төрөлд 10 хүн тоглосоноос Ё.Жаргалсайхан, эмэгтэй төрөлд 5 хүн тоглосоноос Н.Энхтуяа нар түрүүллээ.

Дартс: Дартсын тэмцээнд 20 гаруй  хүн оролцож маш өрсөлдөөнтэй явагдлаа. Эрэгтэйгээс Б.Энхсайхан 542 оноо, эмэгтэйгээс Д.Сайнжаргал 532 онооны шидэлт хийж тэргүүн байр эзлэв.

Шатар: Шатрын тэмцээнд 9 эрэгтэй оролцож оюуны хүчээ сорисоноос Ш.Ганболд түрүүлж медаль, шатраар шагнууллаа. Тэмцээний шүүгчээр холбооны УЗ-ын гишүүн М.Тодбилэг ажиллав.

Цаашид холбооны гишүүдийн нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү спортын өдөрлөг жил бүр уламжлал болон улам их цар хүрээтэйгээр зохион байгуулагдах болно.