ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбоо “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудал болон Туул голын сав газрын орчимд 2014 оны 10-р сарын 18-ны Бямба гарагт “Мод тарих болон Туул голын орчмыг цэвэрлэх үйл ажиллагаа”-г зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд Чингис хаан ОУНБ, Туул голын Сав газрын захиргаа, Туул голын Сав газрын зөвлөл, Хатуу хог хаягдалын менежментийн холбоо, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтийн хэлтэс зэрэг байгууллагууд болон СТХ-ны гишүүд, төгсөгчид нийт 40 орчим хүн оролцлоо.

 Хөтөлбөрийн дагуу оролцогчид эхлээд нийт 25 ширхэг гацуур болон зэрлэг сарнайг Чингис хаан ОУНБ-ын гадаах талбайд тарьлаа. СТХ нь 3 дах жилдээ Чингис хаан ОУНБ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд тус нисэх буудлын Гадаад хүндэт зочдын танхимын гадна талбайд 500 орчим шар хуайс, гацуур, улиас зэрэг модыг тарьсан билээ.

 Үдээс хойш Нийслэлийн хэмжээнд зарласан “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр”-т нэгдэн Туул голын эрэг дагуух буюу Их тэнгэрийн амнаас Бага тэнгэрийн ам хүртэлх 3 га газрын хог хаягдалыг цэвэрлэв. Оролцогчид хогийг Хуванцар сав, гялгар уут ба Бусад хог гэж 2 ангилан түүлээ. Нийт 100 гаруй шуудай уут хогыг хоёр цагийн турш цэвэрлэж, ангилан ялгасан 15 шуудай бүхий хуванцар хогийг Хог дахин боловсруулах цехед хүргэж өгсөн болно. Гарсан бусад хогийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн хогны машинд ачин хогийн цэгт хүргүүллээ. Нэмж хэлэхэд, Туул голын эрэг дагуух хүмүүсийн хаясан хогний дийлэнх хувийг гялгар уут, ундаа, усны хуванцар сав, архины шил гэх мэт байгальд үл шингэх хор хөнөөлтэй хог эзэлж байлаа.

Оролцогчдын зүгээс цаашид тарьсан модоо арчлах тал дээр санаа тавих, иргэдийг хог хаяхгүй байх талаар сургалт, сурталчилгаа хийх тал руу үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах нь зүйтэй юм гэсэн саналыг хэлж байлаа.

Эцэст нь дурдсан үйл ажиллагаанд оролцсон болон дэмжиж ажилласан нийт оролцогчиддоо талархал илэрхийлэхийн ялдамд Та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НОГООН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!