Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэл Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх Төвийн Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн хэлтсийн дарга И.Ханымхан нь (1998, 2008, 2012 онд Жайка-ийн шугамаар Хөдөө аж ахуйн экстейшиний төлөвлөлт, менежмент сургалтанд хамрагдсан) Дархан-уул аймагт Хөдөө Аж Ахуйн Нэвтрүүлэх Төвийн менежер Н.Бат-Эрдэнэ, ХААНТ-ийн зөвлөх Н.Дэлгэр, Хонгор сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга бөгөөд ХААНТ-ийн менежер С.Даваасүрэн нартай хамтран “Малчдын хоршоог хөгжүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

[cycloneslider id=”marchid”]

Сургалтыг нэг өдөр танхимын, хагас өдөр малчдын хоршооны үйл ажиллагаатай танилцуулах хэлбэрээр зохион байгуулав. Малчдад МУ-ын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Малчдын хоршооны шинэ бодлого”-ын талаар тодорхой ойлголт өгөх замаар малчдын өөрөө өөртөө туслах, өөрөө өөрийгөө удирдах иргэний нийгмийн бүтцийг бий болгон хөгжүүлэх талаар ойлголт өгч, тэдний хоршооны талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар малчдын хоршоог жинхэнэ утгаар нь хөгжүүлэх талаар малчидтай илэн далангүй ярилцав.

Мөн Япон улсын хөдөө аж ахуйн салбар болон хөдөө аж ахуйн экстейншиний тогтолцооны талаар нэгдсэн ойлголт өгч, малчдын асуусан асуултанд хариулт өгч, санаа бодлоо солилцож ярилцсан нь үр дүнтэй боллоо гэж үзэж байна.

Сургалтын явцад малчид Монгол улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Малчдын хоршооны шинэ бодлого”–ын талаар болон 2014 оноос Засгийн газраас малчдад үзүүлэх бүх дэмжлэгийг малчдын хоршоогоор дамжуулан олгох талаарх ямарч ойлголтгүй байгаа нь илт байна. Хонгор сумын малчид нэг жил гаруйн өмнө хоршоо байгуулан гишүүнээр элссэн боловч одоо хүртэл ямарч үйл ажиллагаа явуулаагүй байна.

Иймд хоршооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцсанаар сургалтанд оролцогчдод дараах зөвлөмж, чиглэлийг өглөө. Үүнд:

  • Хоршооны удирдлагын түвшинд тусгайлсан сургалт явуулж, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх.
  • Сургалтыг хоршооны ажиллах дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн төсөв боловсруулах, хоршооны орлого, зарлага тооцох чиглэлүүдэр явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Сургалтыг 2-3 хоногт багтаан тэдний өөрсдөөр нь дээрх төсөв, төлөвлөгөө, тооцоох зааварлан хийлгэх шаардлагатай байна.
  • Хоршооны гишүүн малчдад тусгайлан сургалт явуулж, хоршооны үйл ажиллагаанд яаж оролцох, яаж хяналт тавих талаар зааж сургах шаардлагатай байна.
  • Хоршооны гишүүний татвар, ашиг, орлогын хуваарилалт, хөрөнгө нийлүүлэх зарчим болон хоршооны удирдлага, хяналтын зөвлөлийг сонгох зарчим болон бүх гишүүдийн хурлын талаарх ойлголт өгөх талаар сургалт, семинар шаардлагатай байна гэж үзэж байна.