ЖАЙКА Алюмни Монгол байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг мэдлэг, туршлага хуваалцах уулзалт сургалт 2015 оны 10-р сарын 22-ны өдөр “АЖЛЫН БАЙРНЫ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БУЮУ 5S” сэдвийн доор Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтанд Японы ЖАЙКА байгууллагын шугамаар Япон улсад мэргэжил дээшлүүлэн, суралцаж ирсэн 4 илтгэгчид маань 5S-ийн талаарх онолын мэдлэг, тодорхойлолт, 5S-ийг өөрийн байгууллага, ажлын байран дээрээ хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа талаарх өөрсдийн практик туршлага дээр суурилсан, сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

Уулзалтанд ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбооны гишүүд, ахуйн нэгж, байгууллага, компани, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлүүдийг сонсох буюу илтгэгч нартай өөрсдийн санал бодол, туршлагаа солилцож, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцан нэг өдрийг үр бүтээл дүүрэн өнгөрөөсөн юм. Оролцогчид маань сургалтыг маш үр дүнтэй гэж дүгнэхийн сацуу, яг энэ сэдвээр төрийн албан хаагчдад сургалт явуулах хүсэлтэйгээ бидэнд уламжилсан юм.

Бидний үйл ажиллагааг дэмжин энэхүү уулзалт сургалтанд ирсэн оролцогчид, өөрсдийн мэдлэг туршлагаа бусдад харамгүй түгээсэн илтгэгчиддээ талархалаа илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь амжилт хүсье.

              Энэ удаагийн сургалт уулзалтанд,

  • Т.Золбоот, Бүтээмжийн хандлага институтын гүйцэтгэх захирал, ЖАЙКА Алюмни байгууллагын УЗ-ийн гишүүн – “Бүтээмжийн менежмент”,
  • Б.Мөнхсайхан,“Жүр үр” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал, 2013 оны төгсөгч – “5S-д суурилсан Япон маягийн менежмент”,
  • Д.Батдаваа, “Лайфтроник” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2014 оны төгсөгч – “5S-ийг хэрэгжүүлэх нь”,
  • Ж.Хишигжаргал, Монголын Кайзэн Холбооны дэд ерөхнийлөгч, “Коннект” ХХК-ийн Ерөнхий захирал, 2006, 2009, 2012 оны ЖАЙКА-ын сургалт төгсөгч – “Япон менежмент” сэдвээр тус тус сонирхолтой лекц уншлаа.

Энэхүү уулзалт сургалтын зураг болон зөвшөөрөл өгсөн илтгэгчдийн илтгэлийн материалуудыг Холбооны веб, Фейсбүүк хуудсууд дээр байрлуулсан болно.

Цаашид бид мэдлэг туршлагаа хуваалцах сургалт уулзалтыг өөр олон сонирхолтой сэдвээр үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул та бүхнийг энэ талаар өөрсдийн саналаа өгөхийг хүсэхийн зэрэгцээ тэдгээр сургалт, уулзалтанд өргөнөөр оролцохыг урьж байна.