ЖАЙКА-ийн Сургалт төгсөгчдийн холбоо нь жил бүр Туул голоо цэвэрлэдэг заншилтай билээ. Сүүлийн жилүүдэд голын усны бохирдол их, усны нөөц багасаж байгаатай холбогдон Туул голын орчмыг цэвэр байлгахад Төрийн байгууллага болон Төрийн бус байгууллагууд ихээхэн анхаарч байна.

[cycloneslider id=”nogoon”]

Энэ сарын 19-нд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Ногоон хөгжил- Бидний ирээдүй” аяны хүрээнд “Тунга Төв” ТББ-ийн санаачлан зохион байгуулж буй Туул голын цэвэрлэгээний ажилд холбоо маань нэгдэн оролцсон юм.

Цэвэрлэгээний ажилд холбооны гишүүд, “Гудамж” төслийн багынхан хамтран оролцож, Их тэнгэрийн амнаас Бага тэнгэрийн ам хүртэлх Туул голын эрэг дагуух хогыг цэвэрлэлээ.

Туул голын эрэг дагуу амарч зугаалагчдын хаясан гялгар уут, ундаа, усны хуванцар сав, архины шил гэх мэт байгальд үл шингэх хор хөнөөлтэй хог хамгийн их байв. Бид гурван цагийн турш хоёр хогны машин дүүрэн хогийг цэвэрлэж, нэг өдрийг үр бүтээлтэй, нийгэмдээ тусдаа ажил хийн өнгөрүүллээ.