ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбооноос ЖАЙКА-ын төлөөлөгчийн газар, JDS холбоотой хамтран зохион байгуулсан “Түншлэл” хамтын ажиллагааны уулзалт 2016 оны 6-р сарын 17-ны өдөр Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Дарга Сато Мүцүми, Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Золбоот нар нээж мэндчилгээ дэвшүүлэв.

Ноён Сато Мүцүми уулзалтын зорилгыг “Өнөөдрийн уулзалт нь ЖАЙКА-ын шугамаар японд зохион байгуулагддаг сургалтанд хамрагдагсад, ЖАЙКА-ын буцалтгүй тусламжийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлдэг JDS буюу хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрөөр японд сургууль төгсөгчид, ЖАЙКА-ын техникийн хамтын ажиллагааны төслийн мэргэжилтэнүүд, залуу сайн дурын ажилтанууд зэрэг олон холбогдогч талуудын оролцоотойгоор санал солилцож, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрж хайх, хамтын ажиллагааны эхлэлийг тавих юм” гэж тодорхойллоо.

Нээлтийн ажиллагааны дараа ЖАЙКА-ын СТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Золбоот төгсөгчдийн холбооны талаар, ЖАЙКА-ын сургалт хариуцсан ажилтан Танака JDS хөтөлбөрийн талаар, JDSХолбооны гишүүн Д.Уянга холбооны үйл ажиллагаа болон төгсөгчдийн мэдээллийг тус тус танилцууллаа.

Үүний дараа ЖАЙКА-ын мэргэжилтэн Танака ЖАЙКА-ын монголд хэрэгжүүлж буй техникийн  хамтын ажиллагааны төслүүд болон сайн дурын гишүүдийн талаарх мэдээллийг өглөө. \Танилцуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох хаягийг доороос үзнэ үү.\

Уулзалтанд дараах төслийн мэргэжилтэнгүүд хүрэлцэн ирж төслийн танилцуулгаа хийв.

  • Чиба Хисао, “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх төсөл”,
  • Таканаши Акихиро, “Нийгмийн даатгалын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”,
  • Цүкакоши Такако, “Хүүхэд төвтэй боловсролыг дэмжих төсөл”,
  • Года Юүсүкэ, “Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, Хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх төсөл”,
  • Үмэмүрэ Такаши, “Мал эмнэлэг, Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүжэх төсөл”,
  • Ижима Сатоши, “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төсөл”,
  • Ивасаки Масатоши, “Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах төсөл”,
  • Наранцацралт, “Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах төсөл”.

Дараа нь хөтөлбөрийн дагуу, хэлэлцүүлэг хэсэг өрнөж, оролцогсод төслийн мэргэжилтэнгүүд болон сургалт зохион байгуулж буй төлөөлөгчдөөс сонирхсон асуултаа асууж байлаа. Мөн төгсөгчид ЖАЙКА-д хандан 3000 гаруй төгсөгчдийн нөөц бололцоог манай оронд хэрэгжүүлж буй бүхий л төслийн салбартаа ашиглахыг уриаллаа. Төслийн мэргэжилтэнгүүд ч бас төслийн хэрэгжилт, цаашдаа монгол орны хөгжилд японд төгсөгчдийн оролцоо чухал гэдгийг дурдаад энэ удаагийн уулзалт хамтын ажиллагааны суурь болж буйг онцолж байлаа. Уулзалтанд ЖАЙКА-ын  сургалт төгсөгчид, JDS төгсөгчид, ЖАЙКА-ын төслийн ажилтнууд, сайн дурын гишүүд гээд нийт 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Төгсөгчдөөс ЖАЙКА ОУБ болон хурал зохион байгуулагчдаас асуусан асуулт болон саналууд:

  1. ЖАЙКА-ын сургалт болон хүний нөөцийг хөгжүүлэх JDS хөтөлбөрт зөвхөн төрийн албан хаагчдыг сургалтанд явуулах бус хувийн хэвшлийн салбарын төлөөллийг түлхүү явуулдаг болох
  2. Эрүүл мэндийн чиглэлээр удирдах албан тушаалтныг сургалтанд түлхүү явуулах
  3. Төслийн мэдээллийг богино цаг хугацаанд багцаар нь цогц ойлголт өгсөнд талархаж байна. Хүүхэд төвтэй боловсролыг дэмжих хөтөлбөр ямарваа нэг загвар сургууль дээр хэрэгжиж байгаа эсэх
  4. Шинэ нисэх онгоцны буудал иений зээлээр баригдаж байгаа. Бид цаашдаа ашиглалтын зардалаа төлөхдөө зорчигч, тээврээс гадна эко аялал жуулчлалын хүрээнд өвлийн аялалыг хэрхэн хөгжүүлэх вэ, энэ талаар японы туршлагаас хуваалцахыг хүсэж байна.
  5. Жижиг дунд үйлдвэрлэлийг бүс нутагт хөгжүүлэхэд технологийн төв чухал гэдгийг мэдэж авсан. Аливаа зүйл дуу хоолойгоо нэгтгэж үр дүнд хүрдэг тул бид нар өөрсдийн саналаа нэгтгэх хэрэгтэй.
  6. ЖАЙКА-ын шугамаар олон салбарт төгсөгчид байгаа. Энэ бүх нөөц бололцоог ашиглах, төгсөгчдийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэхийн тулд тэднээс төслийн санал авч, боломжтой зүйлийг нь хэрэгжүүлээд явах
  7. ЖАЙКА-ын монгол улсад хэрэгжүүлдэг төслийн мэдээллээ ард нийтэд ил тод нээлттэй болгомоор байна.

Хурлын зохион байгуулагчид энэ оны намар энэхүү уулзалтыг дахин илүү нарийвчилсан бөгөөд дэлгэрэнгүй сэдвийн хүрээнд, илүү олон төгсөгчдийг оролцуулсан байдлаар зохион байгуулахаар тогтлоо.

ЖАЙКА-ын төслийн танилцуулга

JDS Хөтөлбөрийн танилцуулга

JDS Холбооны танилцуулга