Өнгөрсөн 11 сарын 18-ны өдөр Эрүүл Мэндийн Яамны хурлын Б танхимд “Шинэ сувилагчийг дадлагажуулах нь” сэдэвт сургалт семинарыг НЭМГ-н харьяа Эрүүл Мэндийн Байгууллагууд болон нийслэлийн 9 дүүргийн нийт 140 гаруй сувилагчдын төлөөлөл, сувилгааны албаны дарга, ахлах сувилагч нарт амжилттай зохион байгууллаа. Тус семинарыг ЖААМ-н Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуй албаны арга зүйч, магистрант Н.Цэвэлмаа нар удирдан явууллаа.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал сургалтын үйл ажиллагааг нээж сургалтанд оролцогчдод хандан:“Сувилагч мэргэжил бол үнэхээр бахархмаар мэргэжил” ШИНЭ СУВИЛАГЧИЙГ ДАДЛАГАЖУУЛАХ НЬ бидний тулгамдсан асуудал болоод байна гэдгийг тодотгон, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Семинарын хүндэт зочноор Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дарга Г.Баясгалан, ЖААМ-н ерөнхий нарийн бичгийн дарга Т.Золбоот, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн С.Алтанбагана нар оролцож монголын эрүүл мэндийн салбарт оруулж буй сувилагчдын хувь нэмэр цаашдын чиг хандлагын талаар үнэтэй санал зөвлөмжөө өглөө.

Семинарт уригдсан бас нэгэн хүндэт зочин бол ЖАЙКА-н монгол дах төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүми байлаа. Тэрбээр ЖАЙКА-н дэмжлэгтэйгээр японд сургалтад хамрагдаж ирсэн төгсөгчид маань япон дах сургалтаар олж авсан мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцаж ийнхүү сургалт семинаруудыг зохион байгуулж байдагт талархахын ялдамд цаашид дэмжиж ажиллахад таатай байх тухайгаа илэрхийллээ.

pic-11-suvilagchpic-10-suvilagch

Энэхүү семинарт Япон улсын сувилахуйн удирдлага менежмент, Шинэ сувилагчийг чиглүүлэх арга зүй, Сувилагч мэргэжилтний карьерын өсөлт, Шинэ сувилагчийг хөгжүүлэхэд сургагч багшийн үүргийн талаар Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн,Японы сувилагчдын үйл ажиллагаа, Сувилгааны үнэлгээ хийх арга зүй, Сувилгааны багцын үнэлгээний карт үнэлж хөтлөх талаар Говь-Алтай аймгийн Сувилахуйн албаны дарга, магистрант Н.Цэвэлмаа нар илтгэл тавьж баг бүлгээр ажиллуулан, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалтанд оролцогчдоос цаашид энэхүү сургалтыг бусад эрүүл мэндийн байгууллагын сувилагч нарт тасралтгүй зохион байгуулах нь зүйтэй, хэрэгцээ шаардлагатай байна гэдэг саналыг дэвшүүлж байлаа. Мөн сургалтынхаа үйл ажиллагааг бусад сувилагч нартаа мэдээлэх зорилгоор хэвлэл мэдээлэл болон үндэсний телевизүүдээр товч мэдээлэл хүргэгдсэн байна.