ЖАЙКА-ын СТХолбооноос Монгол, Япон хоёр орны хоорондын харилцаанд гүүр болж байдаг эрхэмүүдийг оролцуулсан “Эртэч яриа” өглөөний хоёр дахь удаагийн уулзалтыг 2016 оны 10 сарын 12-ны 7:00-8:30 цагт ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын уулзалтын танхимд зохион байгууллаа.

Энэ удаагийн зочноор Олон улс судлалын доктор Пүрэвсүрэнгийн Наранбаяр оролцлоо. Тэрээр 2000-2012 онд Байгаль орчны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Аялал жуулчлалын газарт, 2012 оноос Монгол-Японы боловсролын харилцаанд гүүр болсон Шинэ Монгол сургуулийн захирлаар ажиллаж байна. П.Наранбаяр нь төрийн албанд ажиллаж байхдаа Японы ерөнхий сайд Хашимото болон Японы ханхүүгийн Монгол дахь айлчлалын орчуулагч, “Шар шороон шуурга” төслийн санаачлагч, Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон төсөлд гар бие оролцож Монгол-Японы хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд өөрийн хувь нэмэрээ оруулсаар ирсэн байна.

Мөн тэрээр өөрийн сонирхлийн дагуу Мэйжигийн үеийн 2 том зохиолчийн нэг Мори Оогайгийн “Зэрлэг галуу”, Окада Хидэхиро “Дэлхийн түүх мэндэлсэн нь”, Үмэсао Тадао “Монгол угсаатныг сурвалжилсан нь”, ЭМОС клубтэй хамтран Инамори Казүогийн “Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл” гэх мэтийн олон бүтээлийг япон хэлнээс монгол хэлнээ орчуулжээ.

Бидний энэ удаагийн уулзалт чөлөөт ярилцлага хэлбэрээр өрнөсөн ба холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Золбоот болон ирсэн зочид маань түүнээс “Яагаад Япон судлалыг сонгох болсон, Шар шороон шуурга төслийн талаар, түүний орчуулсан зохиол бүтээл, мөн Шинэ монгол сургууль болон хүүхдийн боловсролын талаар” өргөн хүрээнд олон асуулт тавьж байлаа. Зочин маань бидний асуултанд маш сонирхолтой сайхан хариулт өгч, холбооны гишүүдтэй дотно сайхан яриа өрнүүллээ.

Бидний зохион байгуулж буй үйл ажиллагааг дэмжин, өглөө эртлэн босч ирсэн оролцогчид болон бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн П.Наранбаяр захиралдаа талархалаа илэрхийлэхийн ялдамд цаашдаа Монголын олон сайхан үрсийг зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд нь улам их амжилт гаргахын ерөөл өргөе.