ЖАЙКА-ын СТХолбооноос Монгол, Япон хоёр орны хоорондын харилцаанд гүүр болж байдаг эрхэмүүдийг оролцуулсан “Эртэч яриа” өглөөний цуврал уулзалтын анхдугаар уулзалтыг өнгөрөгч Баасан гарагийн өглөө буюу 2016 оны Зургадугаар сарын гуравны 7:30-8:30 цагт ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын уулзалтын танхимд зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтаар Хэл шинжлэлийн ухааны доктор, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, толь зүйч Санжийн Дэмбэрэл гуай оролцлоо. Тэрээр Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн захирлаар ажилладаг бөгөөд Монгол-Японы хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд 40 гаруй жил ажилласан юм. Өнгөрсөн жил түүний энэхүү хувь нэмэрийг үнэлж Японы “Эзэн хааны одон”-гоор шагнасан билээ. Тэрбээр Японы Эзэн хааны одонгоор шагнуулсан 10 дахь Монгол хүн болж байгаа юм.

Бидний яриа холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Золбоотын асуултаар эхэлсэн юм. Түүний дараа зочин маань “Монгол-Японы соёлын харилцааны түүхэн замнал, өнөөгийн байдал” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавьж, холбооны гишүүдтэй дотно сайхан яриа өрнүүллээ. Мөн бидэнд өөрийн Япон судлалын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Япон судлал” номоо бэлэглэв. Бидний зүгээс түүнийг холбооны хүндэт гишүүнээр сонгоё гэсэн санал тавин хамтдаа авхуулсан дурсгалын зургаа бэлэглэлээ. Оролцогчдоос дараагийн зочноор Японы Эзэн хааны одонгоор шагнуулсан 11 дахь Монгол хүн болж шагнагдсан Д.Төмөрбаатар, Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяр, Монголын Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарыг оролцуулах хүсэлт тавилаа.

Цаашид энэхүү уулзалтыг бид уламжлал болгон сар бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтанд оролцсон гишүүдийн гаргасан саналын дагуу цагийг 7:00 цаг болгож наашлуулахаар болсон болно.

Бидний зохион байгуулж буй үйл ажиллагааг дэмжин, өглөө эртлэн босч ирсэн оролцогчид болон бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн С.Дэмбэрэл гуайдаа талархалаа илэрхийлэхийн ялдамд урт насалж арвин бүтээл туурвихын ерөөл өргөе.