Энэ удаагийн “Эртэч яриа” уулзалтын зочноор Шинэ Монгол сургуулийн захирал, Олон улс судлалын доктор П.Наранбаяр оролцлоо.

Шар шороон шуурганы цөлжилтийн талаар асуух гэсэн юм. Монголын элс үнэхээр Япон руу очдог уу? Хэрхэн, яаж очдог вэ?

-2004 онд бид Японы эрдэмтдийг Монголд авчран хамт судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд тухайн үеийн Японы төрийн байгаль орчны судалгааны хүрээлэнгийн шар шороог судалдаг тэргүүний судлаач Ишикава гуайтай хамт Өмнөговь, Дорноговь аймгуудаар явсан. Тэнд очиход нэг сонин зүйл ажиглагдсан нь шороон шуургыг маш олон янзаар нэрлэж байсан. Түйрэн, дураа гэх мэт олон янзаар нэрлэж байсан нь нийгмийн ухааны талаар судалдаг миний сонирхлыг ихээхэн татаж, би гэдэг хүн нэрийн талаар судлаж үзлээ. Яг бидний судлаад байгаа диаметрийн хэмжээгээр хамгийн жижиг, хөнгөн жинтэй, дэгдэхээрээ агаарын 10 мянган метрээс дээш жет урсгалруу ордог тэр хэсгийнхийг нь түйрэн гэдэг юм байна. Бид нар дараа нь энэ талаар сонинд нийтлэл бичсэн, түүнээс хойш шар шороон шуургыг түйрэн гэж их бичих болсон. Энэ нь нутгийн аялгын үг юм байна лээ. Түйрэн бол манайхаас Японд очдог нь үнэн. Агаарын дээд мандал руу ороод очдог. Агаарт нэг орсон шороо бол доош буудаггүй. Энэ шар шороон шуурга нь түүхийн эртнээс тэмдэглэгдсэн нь шүлтлэг шинж чанартай, агаарын дээд урсгалаар зөөгдөхөөрөө Номхон далайд хаягддаг. Тэнд хаягдахаараа плангтун гээд жижиг амьтдын хоол болж, далайн хүчиллэг орчинд очихоороо өөрөө шүлтлэг болохоор газрын хөрс шороонд их хэрэгтэй байдаг. Эртнээс нааш Хятад, Солонгос, Японы тариачид Монголоос очсон түйрэнг их билэгшээдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ихэссэн. Энэ нь дэлхийн дулаарал, цөлжилттэй холбоотой юм. Мөн 2 дах шалтгаан нь хэтэрхий цэвэрхэн орчинд амьдардаг хүмүүс түйрэнгээ хүлээж авах нь өөр болсон. Үүнтэй холбоотойгоор Монголд эх үүсвэр нь байж болзошгүй гээд монголд лазерийн дээшээгээ агаар мандал руу цацах давхаргийг тэр чигээр нь гаргаад ирэх судалгааны төв байгуулах төсөл байсан. Тэгээд одоо Монголоос гарч байгаа шороог бол бүрэн судалж чадаж байна. Хятадууд бол эртнээс хамтын ажиллагаа эхлээд, судалгаагаа эхлүүлчихсэн байдаг юм байна лээ.

Танай сургуультай холбоотой асуулт асууя. Танай сургуулийн уриа “Дэлхийд үнэлэгдсэн Монгол иргэдийг бид бэлтгэнэ” гэсэн байдаг. Тэгэхээр танай сургууль Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани уу? Та нэг талдаа боловсролын, нөгөө талдаа бизнесийн салбарт ажиллаж байна. Энэ хоёр хэрхэн нийлж хослож байна вэ? Мөн Японы боловсролын системээр хичээлүүд явагддаг уу? Япон маягийн сургалт Монгол хүүхдэд хэр тохирч байна вэ?

-За тэгэхээр манай сургуулийн талаар мэдээлэл цуглуулж ийм сайхан асуулт асууж байгаад баярлалаа. “Дэлхийд үнэлэгдсэн Монгол иргэдийг бид бэлтгэнэ” гэсэн уриа бол манай сургууль анх байгуулагдахад л гарсан уриа юм. Шинэ Монголд нэг сонин зүйл байдаг нь юмаа өөрчилдөггүй. Анх ярьж хэлж байсан юмаа өөрчлөөд байдаггүй. Энэ сургуулийг анх үүсгэн байгуулсан хүн нь Жанчивийн Галбадрах гэж хүн бий. 2000 онд анх Шинэ Монгол сургуулийг байгуулсан. Анхны сургуулийн барилга А корпус буюу манай сургуулийн хамгийн жижиг барилгийг барих гээд 1998 онд Японы сонинд Монголд сургууль байгуулна гээд гарч байсан юм байна лээ. Тэгээд Япончууд дэмжсэн. Ийм сайхан залуу сургууль байгуулах гэж байгаа юм уу, тэгвэл бид хөрөнгө оруулая гэсэн. Хөрөнгө оруулахдаа ашиг хараагүй нэг удаагийн хандив өгсөн. Үүнийгээ яаж зохион байгуулсан гэхээр “Багана нэгийн холбоо” гэж байгуулаад нэг нэг багана нэгийг бэлэглэе гэсэн. Тэгээд хүн бол болгон 10 мянган иен, 3 жилийн хугацаанд 30 мянган иен болгож цуглуулаад өгсөн. Ингэж анхны барилгын шав тавигдаж, анхны барилга тэр хөрөнгөөр боссон. Анх багш нарын цалин мөнгө бас тэндээс гарсан. Энэ бол тухайн үедээ Монгол-Японы найрамдалт харилцаанд үнэхээр бодитой зүйл болсон. Ямар нэг олон улсын байгууллага ЖАЙКА-аар дамжаагүй, зүгээр л Жанчивийн Галбадрах гэдэг нэг хүнд итгээд л Япончууд хандив өгсөн. Японы отоши дама буюу цагаан сараар томчууд нь хүүхдүүддээ мөнгө өгдөг уламжлал бий. Манайд эсрэгээрээ хүүхдүүд нь настандаа мөнгө барьдаг. Тэр хандив өгсөн хүмүүс дотор отоши дама-ний мөнгөө цуглуулсан хүүхэд хүртэл байсан. Тэр хүүхдүүд одоо том болчихсон, одоо ч Шинэ Монгол сургуультай холбоотой байдаг. Нийт 330 гаруй ийм япон хүмүүсийн хандиваар энэ сургууль шаваа тавьж байсан түүхтэй. Тэрнээс хойш өөрсдөө бие даагаад явж байна. Тэгэхээр бид Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болоод байгаа юм байхгүй. Боловсролын сургалтын байгууллага гэсэн статусаар ажиллаж байна.

За хоёр дахь асуулт бизнес, боловсрол 2 яаж холбогдож байна вэ гэсэн. Энэ их гоё асуулт байна. Энийг хүмүүст ойлгуулая гэж их бодож явдаг юм. Боловсролын салбарт хөрөнгө оруулж бизнес хийе гэж бодож байгаа бол энэ санаанаасаа бүр мөсөн салах хэрэгтэй. Бизнесийн хөрөнгө оруулснаа мартах хэрэгтэй. Яагаад гэвэл боловсролын салбар 12 жилийн циклтэй. Одоо болохоо байлаа бид нар дампуурлаа гээд хэлж болохгүй. Тэр хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Тийм болохоор ашиг хувиарлана гэсэн ойлголт байхгүй. Сургуулийн амьдрал бол шал өөр циклтэй, хаана сайн багш байна, тэнд л сайн сургалт явагдана. Тэгэхээр багшийн сэтгэхүй шал өөр, бизнесээс шал өөр орчин юм. Манай сургууль төлбөртэй болохоор хүмүүс хүүхдийн тоогоор төлбөрийг нь үржүүлж ойлгоод байдаг. Гэтэл сургалтын орчинг сайжруулахад асар их зардал ордог. Манай сургууль бол Монголын хувийн сургуулиуд дотор өөрийн өнгө төрхөө олчихсон, өөрийн гэсэн дуу хоолойгоо оруулж байгаа сургууль. Тэгэхээр ийм нэг ялгаатай тал байна. Ашиг хувиарлахгүй, бүх олсон зүйл сургалтын орчиноо сайжруулахад, эргээд хүүхдэд зориулагддаг.

Гуравдахь нь манайх бол анх Японоос сургалтыг нь авахдаа хэд хэдэн зүйлийг л авсан. Нэгдүгээрт монгол хэлээрээ л сургалт явуулна. Ямар ч гадны хэлээр явуулахгүй, энэ бол маш чухал чанар юм. Анх сургууль байгуулах тухай болон сурганы талаар ярьдаг сэтгэгчид ганц л юм хэлсэн. Үндэсний хэлээр нь сургалтаа явуулах ёстой. Энийг бас Жамсрангийн Цэвээн буюу Цэвээн Жамсранов, Эрдэнэ Батхаан гэх буриадын эрдэмтэд Богд хаанд өргөх бичиг өгөхдөө ч үндэсний хэлээр сургалт явуулах нь зүйтэй гэсэн байдаг. Энийг бид баримталдаг. Манайх 3-р ангидаа англи хэл, 6-р ангидаа япон хэл үзнэ. Тэгэхээр бол манай сургалт бол цэвэр Монголын сургалт, ямар ч Япон маягийн юм байхгүй. Анхнаасаа ч тийм байсан. Японоос авсан зүйл нь баяжилт л байгаа. Өөрөөр хэлбэл Монголд заадаггүй, тэгсэн атлаа олон улсын шинжтэй их дээд сургуульд элсэхэд заавал үзсэн байх ёстой матетик, физикийн сэдвүүд, бодлогын тавилтуудыг бол яг зааж байгаа. Жишээ нь манайд бол математикийн чиглэлээр геометрийн сургалт үнэхээр их хоцорч байна. Геометрийг Япон болон гадаадын сургуульд маш сайн зааж байгаа. Хоёр дахь гол онцлог бол мэндлэх, хүндлэх ёс гэдгийг Японоос авсан. Тэр бол их чухал зүйл гэж бид хардаг. Дүрэмт хувцас өмсөх, гутлаа солих, дугуйлан секцүүд маш идэвхтэй хичээллэх зэргийг Японоос авсан. Тэгтэл одоо Монголын бүх сургуулиуд бүгд л иймэрхүү болсон байна. Бүгд дүрэмт хувцас өмсдөг, өдрийн хоол иддэг болсон.

Хуучин хүү зохиолыг орчуулсан гэж байсан. Энэ бол монгол хүүхдүүд өөрсдөө ч ойлгоход хэцүү байдаг. Үүнийг хэрхэн япон хэл рүү хөрвүүлж, яаж Япон хүүхэд ойлгохоор болгосон бэ?

-“Орчуулга зүй” гэдэг сэтгүүлийг МУИС-ийн Эгшиг гээд багш хариуцдаг. Хятад судлаач хүн л дээ. Эгшиг багш сэтгүүл дээрээ Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолыг олон хэлнээ орчуулсан юм байна. Тэгээд 2 жилийн өмнө Япон хэл дээр орчуулсан нь байхгүй учир намайг орчуулаадхаач гэсэн. Тэгээд жилийн өмнө “Орчуулга зүй” сэтгүүл дээр миний орчуулга гарсан. Би Д.Нацагдоржийн зохиолд маш дуртай, яагаад гэвэл тэр үгээр тоглодоггүй хүн. Сүүлийн үед зохиолчид их үгээр тоглож, хос үг их хэрэглэж байна, даанч тэр үг аль алинд нь утга нь байхгүй. Ямар зорилгоор хэрэглэж байгаа нь ч ойлгомжгүй. Нацагдоржийн зохиолд

“Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй

Таван зүйлийн тарианы хөрс, шороо, газартай” гээд гардаг. Энд үг болгон нь маш сайхан утгатай байна. Гэтэл сүүлийн үеийн зохиолчид маш их уянгалдаг мөртлөө үг болгонд нь утга байхгүй. Тийм болохоор Нацагдоржийн зохиолыг орчуулахад энэ утгаараа маш хялбар байсан. Тэгээд орчуулахын аргагүй сэтгэлгээ гэж бас байна. Ийм юм түүний зохиолоос үнэртээгүй, маш универсал шинжтэй байсан. Тийм болохоор 2 цагийн дотор л орчуулсан. Яагаад ингэж хурдан орчуулсан бэ гэхээр хос хэлний ач бас их байлаа. Орос, англи, хятад хэлний орчуулгыг нь харах боломж байсан. Тэгээд хурдтай орчуулсан гэж боддог. Миний орчуулгыг гэхдээ хэдэн хүн ч уншсан юм мэдэхгүй, ямар ч байсан уншсан хүмүүс нь лав шүүмжлээгүй. Тэгэхээр хүмүүст ойлгогдож байгаа юм байх гэж бодсон. /Инээв/

Одоо өөр ямар зохиол орчуулахаар ажиллаж байна вэ ?

-За одоо орчуулна гэж бодож байгаа “Энх-Амгалангийн захидлууд” гэж ном байна. Энх-Амгалан хаан Галданг дарахаар Монголд нутагт 3 удаа цөмөрсөн, тэр үедээ ордон руугаа илгээж байсан захидлууд саяхан ил болон орчуулагдсан. Эхний 100-д хуудсыг орчуулсан байгаа. Захирал болсноос хойш үнэхээр завгүй байгаа болохоор дуусгаж чадахгүй л байна.

Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.