Япон улс нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн аж үйлдвэржилтийг бүрдүүлж чадсан хамгийн анхны Азийн буюу барууны бус орон байлаа. 140 гаруй жилийн өмнө эхэлсэн энэхүү үйл явцын гол цөм нь “олж аваад өөртөө тохируулах” гэсэн ойлголт байсан бөгөөд маш олон төрлийн мэдлэг ур чадварыг хөгжсөн орнуудаас оруулж ирэн, дотоодын мэдлэг ур чадвар, санаачлагатай хослуулан өөртөө тохируулан сайжруулж иржээ. Эцэстээ тэдгээрийг Японы нийгэмд дотоодын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн болгож авсан байна.

Япон улсыг өнөөгийн хөгжилд нь хүргэсэн инженерийн технологиос авахуулаад үйлдвэрлэлийн удирдлагын аргачлал хүртэлх олон ноу-хау нь энэхүү “олж аваад өөртөө тохируулах” үйл явцаас үүдэлтэй бөгөөд мэдээж энэ бүхэн нь маш олон алдаа онооны үр дүнд бий болсон амжилтын түүхтэй холбоотой байдаг. Эдгээр амжилт болон алдааны туршлагуудыг аль алинаас судлах нь бидний түнш орнуудын хувьд өнөөгийн хөгжиж буй үйл явцад нь тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд нь тустай байх болно гэж үздэг.

Гэхдээ түнш орнуудтайгаа Японы хөгжлийн замналын туршлагыг бүхэлд нь хуваалцана гэдэг илүү төвөгтэй хэцүү зүйл юм. Энэ хүндрэл нь тодорхой хэмжээгээр үгээр юм уу тоогоор илэрхийлж тайлбарлах боломжгүй “далд мэдлэг”-ийн талаар тайлбарлахтай холбоотой байдаг.

Үүнээс гадна Японы нийгэм соёлын систем нь барууны аж үйлдвэржсэн орнуудаас маш их ялгаатай байдаг тул ихэнх түншлэгч орнуудын хувьд төдийлөн танил биш зүйлс оршсоор байна. Энгийнээр хэлэхэд Японд ирснээрээ иймэрхүү соёлын ялгааг багасгах боломжтой байж болох юм.