Монгол улсад уул уурхай, барилга, барилгын үйлдвэрлэлийн салбарын хөгжил өргөжиж байгаатай холбоотойгоор Монгол улсад импортолж буй асбест, түүний хоруу чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ тулгарч байна.

Иймээс ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Мэргэжлийн Өвчин Судлалын Нийгэмлэг болон Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв хамтран “Асбесттай холбоотой өвчнүүд” семинарыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2013 оны 7 дугаар сарын 7-10-ны хооронд зохион байгууллаа.

Японы Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Нийгмийн Хамгаалалын Байгууллагын харьяа Окаяама Росай эмнэлгийн дарга Н.Шимизу, орлогч дарга Т.Кишимото, уушги судлалын тасгийн эрхлэгч Н.Фужимото, К.Инай нар семинарт урилгаар хүрэлцэн ирж оролцогчдод япон улсын эмч нарын асбестоз өвчнийг оношлох дэвшилтэт арга туршлагаас хуваалцан, семинарыг онол болон дадлагын аргаар зохион байгуулав.

Тус семинарт Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төвийн мэргэжлийн өвчин судлаач эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үйлдвэрийн эмч, аймгуудын эрүүл мэндийн нэгдлийн эмч нар зэрэг нийт 80 гаруй хүн хамрагдав.

Сургалтын үр дүнд хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн асбесттай холбоотой өвний тухай онолын мэдлэг дээшлэн, аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилэн сэргийлэх зан үйл төлөвшиж, асбесттай холбоотой өвчний оношлогооны чанар сайжирсан байна.

Мөн оролцогчдод гарын авлага болгох үүднээс Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Нийгэмлэг ‘’Пневмокониозын радиалогийн олон улсын ангилал’’ номыг тарааж өглөө.