7 сарын 24 өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын тамирчид Бразил улсад зохион байгуулагдах 2016 оны зуны 31 дүгээр олимпид оролцохоор явлаа. Энэ жил анх удаа Өмнөд Суданы тамирчид олимпийн тэмцээнд эрэгтэй 1,500 метр, эмэгтэй 200 метрийн гүйлтийн төрөлд оролцохоор болсон юм. Мөн тус улсын Америкд амьдардаг 3 тамирчин улсаа төлөөлж оролцож байна.

Тус улс урт удаан хугацаанд дайн байлдаан, үймэн самуунтай, улсын эдийн засаг хүнд байдалд байсан учраас олон улсын тэмцээн уралдаанд тамирчдаа оролцуулах боломжгүй байжээ. Энэ оны 7 сард гэхэд нийслэл Жубад Ерөнхийлөгч Сальва Кийрагийн удирдсан засгийн газрын цэргүүд, дэд ерөнхийлөгч Риек Машарын талын босогчдын хооронд 4 хоногийн турш цус асгаруулсан тулаан болж, олон зуун хүн амь насаа алдаж, хотын иргэд олноороо НҮБ-ийн дүрвэгсдийн хуаран руу зугтсан байна.

Энэ хүнд хэцүү цаг үед олимпийн тэмцээнд оролцох тамирчдыг дэмжин, тэдний зардлыг даасан ЖАЙКА-ын хамт олонд тус улсын Боловсрол, Залуучууд, Спортын яамны сайд талархлаа илэрхийлээд “Спорт гэдэг бол бүх хүнийг нэгтгэж чадах их хүчтэй зүйл. Бид улсынхаа эв нэгдэл, энх тайвны төлөө спортыг түлхүү хөгжүүлэх болно. 2020 оны Токиогийн олимпид илүү олон тамирчдаа оролцуулж, медаль авах зорилготой байна. Мөн энэ удаагийн олимпийн тэмцээнд Өмнөд судан улс оролцож, өөрийн орны тугийг олимпийн тавцанд мандуулснаар тус улсын талаар дэлхий даяар мэдэж авах, ирээдүйн залуу үеийнхэнд ч гэсэн илүү гэрэл гэгээтэйгээр амьдралыг харах боломж ирнэ” гэлээ.

Өмнөд судан улс 2011 онд тусгаар тогтнолоо зарлан, дэлхийн хамгийн залуу улс болсон. Тусгаар тогтнолоо зарлахаас өмнө 2005 онд ЖАЙКА-ын төлөөлөгчийн газар Суданд байгуулагдаж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ус сувгийн чиглэлээр дэмжлэг үзүүлж иржээ. Энэ оны 1 сард зохион байгуулагдсан үндэсний спортын анхдугаар тэмцээнийг ЖАЙКА ивээн тэтгэсэн ба цаашид спортын салбарт илүү тусламж дэмлэг үзүүлэхээр ажиллахаар болсон байна.