Жайка-ийн Сургалт төгсөгчөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал 2014 оны 3 сарын 25 өдөр Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын зааланд зохион байгуулагдлаа. Хурлыг нээж Холбооны тэргүүн, Улсын их хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Имаёоши Моэко нэр үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.

[cycloneslider id=”sanhuu”]

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын нягтлан бодох хүрээлэнгийн Тэргүүн Л.Дондог 2013 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан, Холбооны хяналтын зөвлөлийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, санхүү, аж ахуйн хэлтсийн дарга С.Эрдэнэбилэг холбооны хяналтын зөвлөлийн тайлан, Холбооны УЗ-ийн гишүүн, Бүтээмжийн хандлага институтын Гүйцэтгэх захирал Т.Золбоот 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх гишүүдэд танилцуулав.

Сургалт төгсөгчдийн холбоо болон Жайка байгууллага нь төгсөгчдийнхөө Жайка-ийн сургалтаар сурж мэдсэн зүйл, туршлагаа эх орондоо түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг билээ. Энэ хүрээнд холбоо болон Жайка-ийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, эрүүл мэнд, татвар, байгаль орчин, болосврол, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдлын чиглэлээр долоон сургалт семинар хот, хөдөө орон нутагт зохион байгуулдлаа.

2012 оны төгсөгч, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрүүл ахуй, нян судлалын лабораторын шинжээч Д.Сайнжаргал, ХААҮШУОНТ-ийн Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн хэлтсийн дарга И.Ханымхан,2013 оны төгсөгч, ХӨСҮТ-ийн Чанарын албаны менежер О.Сумьяа нар өөрсдийн зохион байгуулсан сургалт семинарынхаа талаар товч танилцуулга хийлээ.

Гишүүд холбооны үйл ажиллагаатай танилцсаны дараа, хоорондоо санал бодлоо солилцож, холбооны гишүүн Ч.Цэнд-Аюуш, С.Туул, Т.Гариймаа, А.Нарантуяа, Д.Сайханчулуун, Ц.Эрдэнэ, Д.Цогтжаргал нар өөрсдийн санал шүүмжлэлээ хэллээ.

Холбооны тэргүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ 「Энэ удаагийн хурал олон шүүмжлэлтэй асуудлыг хөндсөн ажил хэрэгч уулзалт боллоо. Та бүхний санал шүүмжлэлийг хүлээн авлаа, бид 2014 онд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа гишүүд та бүхэн холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой」 хэмээн уриаллаа.